2011/10/06

Анхны бүхэн

Анхны хайрын захидлыг чамаасаа би авсан
Анхны болзоонд чамтайгаа зогссон
Анхны харцнаас чинь би хайрыг мэдэрсэн
Анхны гэх болгоныг чамтайгаа өнгөрөөжээ Хайрт минь

Хайрын захидлыг чамаасаа аван догдолчхоод
Хэн нэгэн уншчихвий гэхээс ичингүйрэн нууж уншсан
Захидал болгонд чи бидэн үзэл бодлоо солилцон хайрын тухай ярьсаар
Зөвхөн бидний л зүрхний лугших хэмнэл адил болохыг мэдэрсэн Хонгор минь

Анхны болзоонд санаандгүй учирсан тэр өдөр
Амьхан зүрхэндээ хадгалж ядсан ганцхан хайраа
Анх чиний дэргэд бороо шиг асгачихаад
Амьдралынхаа ханийг оллоо гэж зөнгөөрөө мэдэрсэн Хань минь

Энэхэн орчлонд биесээ гэх бидний агуу их хайр
Элээх амьдралын хором бүрд Бадамлянхуа цэцэг шиг наран өөд тэмүүлж
Энхрий үрийнхээ зулайг үнэрлэх тэрхэн мөчид
Эжий аав болон хоёр биедээ нялхарна Энхрийхэн минь
2011.10.06
Б.Цэнд


2011/09/07

Хайртдаа бичих захидал

Сэтгэл сэргээж ирсэн анхны минь хайр
Сэмхэн ичингүйрч уулзсан гэнэхэн учрал
Салж чадахгүй хоргодсон ариун итгэл
Сэтгэлээ нээж үгээ хэлсэн миний дурлал

Харц ширүүн шийдэмгий зангаараа чамайг би түрүүлж үнссэн
Халуухан биеэрээ чи минь намайг энхрийлж тэвэрсэн
Хайрын бал бурмаар дүүрэн тэр л мөчүүд
Хамгийн жаргалтай өдрүүд ч юм шиг

Булбарайхан уруулын амтыг би чамаасаа мэдрэхэд
Бялуурам тэр жаргалыг чи надад амтлуулахад
Бүсгүй заяандаа би тэр л мөчид бахархан байж
Бусдаас илүү жаргалтай нэгэн байсан
2006.01.16
Б.Цэнд

Зөрлөг

Хайрын зөрлөг дээр би чамтай учирсан
Харц тулгарч өөдөөс чинь хараагүй ч гэлээ
Халуухан зүрхэндээ чиний хайрыг мэдэрсэн
Хамтдаа үргэлж байхыг мөрөөдсөн

Мөрөөдөл минь биелж бидний хайр цэцэглэсэн
Мөч бүхэнд бид зөрлөг дээр л болзсон
Мөнхийн хайрын билэгдэл цагаан уул цэцгийг
Минийх л байгаарай гэж чи минь надад бэлэглэсэн

Зөрлөг дээр учирсан дурсамж бүхнийг
Зуны цэцэгсийн өнгө ялдмыг
Зөнгөөрөө бадамласан бидний хайрыг
Зүйрлэж жишихийн аргагүй дэндүү тансаг
2005.07.02
Б.Цэнд

Хайртдаа

Чамгүйгээр өнгөрүүлсэн тэр л өдрүүд
Чимээгүйхэн надад гуниг төрүүлээд байх юм
Чин зүрхний минь гүнээс ундрах энэ л хайр
Чам руу чиглээд урсах юмаа Хайрт минь

Хонгор минь чамтайгаа хамт наран шингэтэл суулаа ч
Хайрлан энхрийлэх үнсэлтэнд чинь би ханадаггүй
Халуу төөнөх энгэрт чинь тэврүүлэн зогсохдоо
Хамгаас илүү жаргалтай байдаг миний сэтгэл

Чи минь надаараа цээж дүүрэн амьсгалах тэр мөчид
Чимчгэнэсэн уруулыг би хүзүүгээрээ мэдэрч
Гэнэн балчир насандаа мөрөөдсөн хайраа
Ганцхан чамаасаа л амссан шүү Энхрийхэн минь
2006.06.05
Б.Цэнд